Баянзүрх дүүрэгт шинэ коронавирус илэрлээ хэмээн цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэн Э-г хоёр сая төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч, хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг 2020 оны нэгдүгээр сарын 25-нд фэйсбүүк хаягтаа нийтэлсэн иргэн Э-г Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгажээ. Шалгалтын явцад худал мэдээлэл болохыг нь тогтоож иргэн Э-г Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгосон байна.
Онцлоход, холбогдох байгууллагуудын зүгээс коронавирусийн халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байхыг мөн тодотгож байгаа.
Одоогоор Монгол Улсад шинэ төрлийн коронавирус илрээгүй байгаа юм. Харин ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн 31 оюутан болон өөр зургаан иргэн, Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тус тус тусгаарлаад байгаа билээ.