Хахууль авсан гэх шүүгч нарын өмгөөлөгч шүүгч Х.Одбаяраас татгалзажээ

Салхитын мөнгөний ордын хэргийг шийдэхдээ хахууль авсан хэргээр нэр бүхий шүүгч нар шалгагдсан талаар бид тухай бүрт нь мэдээлсэн. Тэднийг гэм буруутай эсэхийг тогтоохоор хэргийг  яллах саналтайгаар шүүхэд шилжүүлээд байгаа. Өнөөдөр энэ хэргийн урьдчилсан шүүх хурал ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болох байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо.  Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгчээр  ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Одбаяр ажиллах байсан юм. Гэвч шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч   нь Одбаяр шүүгчээс татгалзсан бөгөөд  ХУД-ийн эрүүгийн хэргийн шүүхээс татгалзлыг хүлээн авсан байна.

Сануулахад,

  1. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч  Г.Цагаанцоож,
  2. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчЦ.Амарсайхан,
  3. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон,
  4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг хахууль авсан хэргээр,  хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган  НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.