Хантавируст халдварт өвчин дэгдэж, хүн нас барлаа гэх мэдээлэл цахим орчинд тархжээ. Тэгвэл уг мэдээлэлд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тайлбар өглөө.
Хантавирус нь БНХАУ, Европ болон Дундад Азийн орнууд, АНУ-д голомтлон тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй зоонозын халдварт өвчин юм.
ЗӨСҮТ-ийн зүгээс “Голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж, байнгын тандалт хийн мэдээлдэг. Цахимаар тараад буй мэдээллүүдийг цочирдон хүлээж авахгүй байх, байнга бүртгэн хяналтад байдаг тус өвчлөлийн талаарх албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг хүсье” хэмээлээ.
Мэргэжлийн байгууллагууд олон улсад бүртгэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийж буй юм. Иймд иргэд баттай эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэйг тус төвөөс уриалсан байна.