Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон бөгөөд тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан аж. Тиймээс тэд батлан даалтад гарах хүсэлтээ өгсөнөөр энэ сарын 24-ны өдөр суллагдсан байна.
Тэднийг энэ өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хоорондоо болон Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэжээ.
Сануулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 4 жилийн хорих ял оноосон билээ.