2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шинэ коронавирусний нэг сэжигтэй тохиолдол илэрч, хяналт тусгаарлалтад авсан байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 16, түүнээс 4 нь эдгэрч дараагийн шатны хяналтад шилжжээ.
Сэлэнгэ аймагт коронавируст “COVID-19” халдварын шинээр батлагдсан нэг тохиолдол болох иргэнийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан байна. Мөн нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 15 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалт судалгааны чиглэлээр 21 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй аж. 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 257 хүнээс 83 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.
ХӨСҮТ-д өдгөө нийт 205 хүн тусгаарлагдаж, ажиглалт, тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна. Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1572 хүн тусгаарлагдаж, 310 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд нийт 194 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 212 улс оронд “COVID-19” халдвар бүртгэгдэж 1.5 сая хүн халдвар авсан бол, 88.405 хүн нас барж, 339.731 хүн эдгэрчээ.