Долоо хоногийн өрнийн зурхай 2020.IV.20-2020.IV.26

ХОНЬ

Ачаалал ихтэй, ажилд дарагдсан долоо хоног болно. Бүгдийг нь зэрэг амжуулж чадахгүй учир ажлуудаа эрэмбэлээд хамгийн чухлаас нь эхлээд дуусга. Гэсэн ч өөртөө жаахан ч болов цаг зав гаргаж, амьдралын сайхныг мэдрээрэй. Ажлын шаардлага хатуу чанга, цаг хугацаа давчуу байсан ч амар хялбар гүйцэтгэх арга замыг хайж ол. Ингэснээр та ажлын бүтээмжээ дээшлүүлж чадна. Хайр дурлал болон санхүүгийн байдал дээшилж таныг баярлуулах болно.

ҮХЭР

Өөдрөг долоо хоног. Энэ тааламжтай байдал халдвартай юм шиг л байх тул таныг хаа ч явсан таатай уур амьсгал, өөдрөг байдал угтах болно. Мэдээж та энэ бүхнээс сэтгэл ханамж мэдэрч, бусдаас хүндлэл хүлээх нь гарцаагүй. Уулзсан, танилцсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хувийн асуудлаа шийдэхэд тохиромжтой үе байх болно. Аливаа асуудлыг нарийн цэгцтэй тунгааж, хамгийн зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Санхүүгийн байдалдаа хянамгай ханд. Шаардлагагүй зардал гаргахаас татгалзаарай.

ИХЭР

Ажлын ачаалал их байх тул та хэт завгүй ажиллаж байж, хүссэндээ хүрч чадна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулах шаардлага ч гарна. Зарим зүйл дээр хамтран ажиллагсдаасаа тусламж хүсэхээс санаа зовох хэрэггүй. Аялал зугаалгад явж магадгүй. Урт хугацааны холын аялалд гарах бол бэлтгэлээ сайн базаа. Шаардлагатай бол бариа засал хийлгэж, иогоор хичээллэ. Ингэснээр стрессээс салж, оюун санаа цэгцэлж, эрч хүчээ нөхөж чадна. Гэрлэлттэй холбоотой асуудал таны санааг зовоох бололтой. Эрүүл мэнддээ анхаар.

МЭЛХИЙ

Таны ажлын бүтээмж гайхалтай гэмээр өндөр байх тул та үүрэгт даалгавар, зорьсон ажлаа төлөвлөсөн хугацаанаасаа хамаагүй эрт дуусгаж чадна. Гүйцэтгэлийн чанар ч өндөр байх болно. Таны оюун санаа сэргэг байх тул ажлаас гадуурх амьдралын бусад асуудлаа ч төвөггүй шийдэж чадна. Аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр байж, гаргасан шийдвэр чинь нүдээ олох болно. Ойр дотны хүнтэйгээ таагүй харилцаатай байсан бол нээлттэй, чөлөөтэй ярилцсанаар үл ойлголцлыг арилгаж чадна.

АРСЛАН

Залхуурах хэрэггүй, анхааралтай, идэвхтэй байж аливаа зүйлийг аль болох богино хугацаанд амжуулахыг оролд. Нэн тэргүүний чухал зүйлсийг жагсааж, дарааллаар нь бүгдийг амжуулахыг хичээ. Таны анхаарах ёстой олон асуудал байгаа ч гэр бүлд чинь үгүйлэгдэж байгаа таны анхаарал халамж, үүрэг  хариуцлагаа ухамсарлах цаг нь болжээ. Санхүүгийн асуудал ээдрээтэй байх тул зардлаа танаж, хэрэглээндээ хяналт тавиарай.

ОХИН

Ур чадвараа харуулах долоо хоног. Үүрэг хариуцлага өндөр байх тул та ажлын ачааллаас болж нэлээд бухимдаж магадгүй. Эргэн тойрон дахь үйл явц дэндүү хурдтай өрнөж буй тул та тэр хэмнэлд дасан зохицож, өөрийгөө дайчлах хэрэгтэй. Энэ долоо хоногт та мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоороо ажлаасаа урт хугацааны чөлөө авч, эсвэл сургалт семинарт хамрагдах бололтой.  Найз нөхөд чинь танд үнэлж баршгүй том тус хүргэнэ. Гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгө зарлагадах шаардлага гарч болзошгүй.

ЖИНЛҮҮР

Тааламжтай долоо хоног. Ялангуяа таны ажил мэргэжил, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Хичээл зүтгэл гаргаж ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, удирдлагуудаасаа магтаал сонсоно. Түүгээр ч зогсохгүй цалин нэмэгдэх, тушаал дэвших таатай нөхцөл бүрдэнэ. Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Хэрэв та ажилд орохоор анкет бөглөсөн бол таатай хариу хүлээн авна. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхий. Хувийн харилцаанд ээдрээтэй нөхцөл байдал үүснэ.

ХИЛЭНЦ

Долоо хоногийн эхэн үед хувь хувьсгалын асуудал аль аль нь таны санааг зовоох бололтой. Аливаа асуудалд маш хянамгай хандахгүй бол төсөөлөөгүй нөхцөл байдал үүсч, та буруу шийдвэр гаргаж болзошгүй нь. Улмаар таны амьдралд сөрөг үр дагавар дагуулж магадгүй. Од эрхэс танд урьдчилан сануулж буй тул та анхаарал болгоомжтой байж, жижиг сажиг гэлтгүй алдаа гаргахаас сэргийлээрэй. Хов жив, хэрүүл маргаанаас хол бай. Танд атаархаж, муу санах хүмүүс эргэн тойронд тань байгааг бүү мартаарай.

НУМ

Амьдралын хэв маяг хэвийн, ажлын уур амьсгал ч ердийн үргэлжилнэ. Хэдий тийм ч таны санааг зовоож, бухимдуулах зүйлс гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хангалттай унтаж амарч, ядаргаа, бухимдлаа тайл. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй, тиймээс орой үдшийн элдэв арга хэмжээнээс татгалз. Эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн бэртэл гэмтлээс сэргийлээрэй. Шаардлагатай бол эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгөхөд гэмгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал гарч болзошгүй.

МАТАР

Өнгөрсөн хугацаанд цаг наргүй ажиллаж, хичээсэн зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Ажлын шугамаар холбоо тогтоосон шинэ танил чинь танд илүү таатай ажлын санал тавих бололтой. Найз нөхдийн зүгээс тусламж ирнэ. Дээд төвшний удирдах хүмүүстэй болгоомжтой харьц. Таны ажил төрлийн холбоотой асуудал их байх тул гэр бүл чинь орхигдож магадгүй. Ажлаа амжуулмагц тэдэндээ цаг зав гаргахыг хичээгээрэй. Эрүүл мэндээ гаргуунд нь хаях хэрэггүй. Бага зэрэг биеэ чагнахад гэмгүй.

ХУМХ

Аливаа зүйлд төвлөрөх чадвар өндөр байх болно. Тиймээс тулгамдсан асуудлыг ч зөв зохистой шийдвэрлэж, өөртөө төдийгүй өрөөл бусдад багагүй тус хүргэх бололтой. Ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндлэлийг хүлээж, ажлын талбарт удирдлагуудаасаа магтаал харамгүй сонсох болно. Санхүүгийн хувьд тааламжтай нөхцөл бүрдэх боловч зардлаа хянахыг сануулъя. Гэр бүлийн гишүүдийнхээ хүслийг биелүүлж, чухал шаардлагатай зүйлийг нь авч өгснөөр тэд ч бас баяртай байх болно. Найзуудтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүл.

ЗАГАС

Хэтэрхий хичээх хэрэггүй. Ингэж их хичээж хийсэн бүтээснийг чинь бусад хүмүүс үнэлэхгүй нь бололтой. Санхүүгийн хэрэгцээ өндөр байхаас шалтгаалж танд мөнгөтэй холбоотой хүндрэл үүсэх бололтой. Энэ нь таныг бухимдуулах бас нэгэн шалтгаан байх болно. Ажлын хажуугаар мөнгө олж болох өөр эх сурвалж хай. Анхаарал сэрэмжтэй байж, нөхцөл байдалд дүгнэлт хий. Шаардлагатай бол эмчилгээ сувилгаа хийлгэ. Романтик зан чанар чинь  таны давуу тал байх болно.