МСНЭ-ийн 300 гаруй сэтгүүлч нэгдэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын сэтгүүлчдийн төлөөлөл шаардлагыг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригт гардуулж өглөө. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
-Өнгөрсөн өдрүүдэд сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө тэмцэж байна. Энэ нь нэг болон хэдэн сэтгүүлчийн ч асуудал биш юм. Энэ бол Монгол Улсын ардчиллын асуудал. Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах асуудал юм. Сэтгүүлч баримт дэлгэснийхээ дараа шалгагдаж, хуулийн байгууллагад өгсөн баримтаа авахаар очиход биед нь халдсан. Тиймээс бид шаардах бичиг хүргүүлж байна хэмээв.
Шаардах бичигт ТЕГ-ын дарга хурандаа Д.Гэрэл, түүний хүүгийн нэр дээр байдаг алтны компани “Нарангийн гол”-д үйл ажиллагаа явуулж байгаль орчныг сүйтгэж байгаа асуудлыг баримттай хүргэсэн. Энэ асуудалд албаны шалгалт хийх. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шууд удирдлагад байдаг ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлтэй холбоотой Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан асуудлыг шалгах талаар дурджээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг шаардах бичгийг хүлээн аваад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн хугацаанд нь хариу мэдэгдэнэ гэв.