УИХ-д нэр дэвшихээ мэдэгдээд буй Д.Сүндийг эхнэрээ зоддог гэх сөрөг мэдээлэл цацагдсан. Тэгвэл түүний эхнэр өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. “Бүсгүй хүн хань ижлээ муу хэлэгдэхийг харах, нөхрөө үнэнээс хэт холуур дүгнүүлж байгааг мэдрэх үнэхээр хэцүү.
Хайрлана гэдэг хажуу дахаа өмчлөхийн, үргэлж дэргэдээ байлгаж өөрийнхөө хүсэлд уяж хорихын нэр биш. Хүнийг хайрлана аа гэдэг тэр хүнийхээ тайван, жаргалтай байхыг мэдэрч өөрөө тайвшрахыг, хайртай хүнээ шаналж зовох вий гэхээс айхыг хэлдэг.
Миний хань энэ бүх доромжлолуудыг тэсэх сэтгэлийн тэнхээтэйг би мэднэ. Өөрийнхөөрөө алдаж онож, өөрийн хөдөлмөрөөрөө унаж босч амьдарсан хүн ийм л хаттай байдаг.
Би ханийнхаа ямар хүн бэ гэдгийг дэндүү сайн мэднэ. Надаас илүүтэйгээр энэ хүнийг мэдэх, ойлгох хүн хаана ч байхгүй! Олон ч саад бэрхшээл, өвчин шаналлыг бид хамтдаа туулсан. Чамайг үнэлэх миний үнэлэмж бусад хүмүүсийн итгэхийг хүссэн, дүрсэлж адалсан дүр төрхөөс тэс өөр!
Амьдралдаа нэг удаа ч уулзаж үзээгүй хүмүүс тэр хүнийг 12 жил ханилсан хүнээс нь, өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдүүдээс нь илүү таних боломжтой гэж үү?
Бүсгүй хүн бүр өөрийг нь сонсох, дэмжих, ойлгож хайрлах хүнтэй байхыг хүсдэг.
Миний хань бол ухаантай, уужуу тайван сэтгэлтэй, уул шиг түшигтэй тийм л эр хүн.
Түүний дэргэд би, бид амар тайван аз жаргалтай амьдарсаар ирсэн, амьдарсаар ч байх болно. Хүүхдүүд нь ааваараа, эхнэр нь ханиараа бахархдаг, үүрд бахархана. Бүх цаг үед!
АНУ, Чикаго хот. Шөнийн 01:37 цаг Нэргүйн Ундрах” гэжээ.