Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгээр гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж буй. Тэгвэл өчигдөр Турк, Энэтхэгээс хоёр удаагийн нислэгээр 500 иргэнээ татан авахаар болжээ. Гадаад харилцааны яаманд өнөөдрийн байдлаар арван мянга орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ.
Тэгвэл Турк улсаас эх орондоо буцах хүсэлтэй 600 орчим, Энэтхэг улсаас 430 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Эх орондоо буцах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэлжүүлж эхэлсэн бөгөөд онгоцны багтаамж 250 хүний суудалтай гэж тооцвол 500 орчим хүнийг авчирах аж. Иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боломжоор хангуулахаар Станбул дахь Ерөнхий Консулын газар ажиллаж байна. Эхнээсээ хувийн лабораторуудтай холбогдож төлбөр тооцооны судалгааг гаргасан байна. Энэ тухай мэдээллийг онгоцонд зорчих эрх нь баталгаажсан хүмүүст хүргүүлж, шинжилгээнд хамруулах гэнэ.