ЭМЯ covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар 1033 хүн ажиглалтад байгаа бол 14 хүн ажиглалтын байраас гарч байгаа ажээ. Манай улс covid-19 вирусийн тархалтыг дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал болсон тул бид бүхэн бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатай байна.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад 1030 хүн байгаа бол ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 нь эмнэлгээс нь гарсан.
Сэжигтэй тохиолдол Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээний сорьж өнөөдөр үүрээр ХӨСҮТ-д ирсэн.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дархан-Уул аймаг болон ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторид өчигдөр /2020.05.06/147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор зургаан хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулаг боомтоос орж ирсэн 31 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.