ЭМЯ-наас коронавирусын нөхцөл байдлын талаарх мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогоор дэлхий дахинд 4 сая хүн өвчилсөн нь коронавирус ямар хурдан тархацтай байгааг харуулж байна. Манай улсын хувьд 42 тохиолдол батлагдсанаас 12 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 29 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор манайд 989 хүн ажиглалтад байна. 15 чиглэлийн галт тэргэнд 11 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж 4280 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
24 цагийн 119 дугаарт 162 дуудлага ирсэн. Гадаад улсаас гурван дуудлага ирсэн. АНУ, Австрали, Франц улсаас энэ өвчний шинж тэмдэг, эмнэлзүйн талаар асуусан. Мөн иргэд гадуур оройн цагаар залуус ихээр явж байгааг анхааруулж өгөөч гэж хүссэн байна. Тиймээс аль болох амны хаалтаа зүүж, гараа угааж, бөөгнөрөхгүй байхыг залуучууд та нараасаа хүсч байна. Яагаад гэвэл сүүлийн үед идэр залуу насныхан илүү өвчилж, нас барж байгаа юм” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Нийт 66 хүнд Covid-19-ын шинжилгээ хийсэн. Үүний 18 нь тандалтын зорилгоор авсан ийлдсэнд хийсэн шинжилгээ, бүгдээс нь Covid-19 илрээгүй. ХӨСҮТ-д байгаа дөрөв, ажиглах байранд байгаа 22 хүнд хийсэн шинжилгээгээр мөн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээнд Covid-19 илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ажиглалтын байранд шилжлээ. Нийтдээ 48 хоног эмчлэгдээд гарч байна.” гэлээ.