Ховд аймгийн Дөргөн сумын удирдлагууд, “Дөргөн ногоон хөгжил үндэсний нийгэмлэг’ ТББ болон нутгийн иргэд хамтран сумандаа 500 ширхэг мод тарьсан байна. Уг арга хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хоёр жилийн хугацаанд нийт 1500 гаруй мод тарьжээ. Тарьсан модоо Дөргөн сумын төр захиргааны ажилтнууд болон нутгийн иргэд ээлжлэн услаж торддог аж.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.