УОК-ын өргөтгөсөн хурлыг өчигдөр/2020.05.25/ хоёр хэсэгтэйгээр зохион байгууллаа. Хоёрдугаар хэсгийг хаалтайгаар хийсэн ба гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дагаж мөрдөх түр журмын төсөл мөн сонгуулийг зохион байгуулахад болзошгүй халдвараас хамгаалахад шаардагдах зардал, БХЯ-ны харьяа ЦТЭ-т шаардагдах хөрөнгийн асуудлын талаар хэлэлцэн зарим шийдвэрийг гаргав.
Найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байгаа юм. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасныг УОК-ын гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Уг шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулах юм.