УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Банзрагчийн Түвшинтэй ярилцлаа.
-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд “Өсөлтийг өрх бүрд” гэсэн мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа. Тэгэхээр та мөрийн хөтөлбөрөөсөө онцлох нэг заалтыг сонгогчиддоо танилцуулахгүй юу?
-Юуны өмнө бүх цаг үед дэмжиж ирсэн Хан-Уул дүүргийн иргэд, тэр тусмаа Ардчилсан намынхандаа гүн талархал илэрхийлье. Тэгэхээр миний хувьд АН-ын мөрийн хөтөлбөрөөс\эдийн засгийн хэсэг буюу “Өрхийн санхүүг дэмжих” талаар 5-н зүйлийг онцолж яръя гэж бодож байна. Нэгдүгээрт, НӨАТ-ыг 5% болгож бууруулна. Хоёрдугаарт, төрийн илүү тансаглал зардалыг багасгаж, төрийг үр бүтээмжтэй ашиглах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замуудаартөрийн албан хаагчдын ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, ЖДҮ-г дэмжих. Ялангуяа ЖДҮ-г дэмжих сан, тариалан эрхлэгчдийн сан гэх мэт олон сангуудыг нийлүүлж “Төрийн банк”-ны менежмент, удирдлага, засаглалыг сайжруулах замаар зөвхөн ЖДҮ-г дэмждэг, хүү багатай зээл олгодог банк болгож хөгжүүлнэ. Үүний хажууд батлан даалтын санг авчирч “start-up”-уудыг дэмжих бодлогыг дэвшүүлнэ. Эцэст нь уул уурхайн баялагийг иргэдэд тэгш хүртээж, айл болгонд , хүн бүрт хүртээмжтэй болгох хуваарилалтын шударга бодлого явуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа.
-Таны сонгуулийн уриа үг юу юм вэ? Яагаад заавал ингэж томъёолсон бэ? Та тайлбарлаж өгөөч.
-Миний уриа үг бол “Өрхийн санхүүг дэмжинэ”. Өнгөрсөн он жилүүдэд бид уул уурхайн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг сайжруулах талаар маш томоохон бодлогуудыг явуулж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр өрхийн санхүү сайжраагүй хэвээрээ, иргэд ажилгүй, орлогогүй, байсаар л байна. Тийм учраас АН эдийн засгийн өсөлтийгхөрсөн дээр нь буулгаж, өрх бүрт бодитой үр ашиг хүртээе гэж уриагаа гаргасан. Харин миний хувьд бол “Өрхийн санхүүг дэмжинэ” гэж уриагаа гаргалаа.
-Эдийн засгийн өсөлтийн нэмэгдэлийг айл өрхүүдэд хүртээхийн тулд хийх бодит ажил тань юу вэ?
-ЖДҮ-ийн бодит дэмжлэгийг бид хэрэгжүүлэх ёстой. Төрд шударга ёсыг тогтоож, төсвийн менежментийг зөв хийснээр ашиг орлогын хуваарилалт үнэн бодитой явагдах юм. Ингэснээр бизнес эрхлэгч, эмч багш нарын цалин тодорхой шатлалаар бодитой нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингээд иргэдийн цалин хөлс бодитоор нэмэгдэж, орлого өссөнөөр манай улсын эдийн засгийн өсөлт хангагдана гэсэн үг. Миний бие мэргэжлийн эдийн засагчхүний хувьд нийтийн эрх ашгийн төлөө зөв шударгаар ажиллана гэж төлөвлөж, “Өрхийн санхүүг дэмжинэ” гэсэн уриа үгээ сонгогчиддоо хүргэж байна.
-Чухам яагаад Хан-Уул дүүрэгт нэр дэвших болов, тойргийнхоо онцлогийн талаар дурьдахгүй юу?
-Миний бие Хан-Уул дүүргийн ИТХ-д нэг удаа, Нийслэлийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 орчим жил энэ дүүрэгтэй холбоотой явна. Энэ хэрээр дүүргийнхээ нөхцөл байдал, тулгамдсан асуудал, иргэдийн ахуй амьдрал, цаашдын төлөвлөлтийг хамгийн сайн мэдэх хүн гэж бодож байгаа. Тийм учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд өсөж, төрсөн нутгаас ялгаагүй Хан-Уул дүүргийн иргэдээ хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөн ажиллахаар нэр дэвшээд байна.Хан-Уул дүүргийн хувьд нийслэл хотын багана болсон том бүс нутаг. Миний бие тус дүүрэгт аж үйлдвэржилтийн хүрээг тэлэх, бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, шинээр хийх, мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.
Эх сурвалж: Г.Болор