Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнгөрсөн сард хуралдаж наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвааг телевиз болон цахим орчноор дамжуулан олон түмэнд түгээхээр төлөвлөөд байгаа юм. Мөн улс, аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн улс, аймаг, сумын наадамд барилдуулах бөхчүүдийн тоог зааж өгсөн байна. Тодруулбал, улсын наадамд 512, аймгуудын наадамд 128, сумдын наадамд 64-өөс илүү бөх барилдуулахыг хоригложээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбооддоо хандан дараах зөвлөмжийг гаргасан байна.