2020 оны УИХ-ын сонгууль шинэ хүн, залуу үеийн ээлж халааг улс төрд оруулж ирэх нийгмийн хүсэмжлэл хүлээлт дунд болж байна.
Үнэндээ Монголын улс төр залуу залгамж үеийн хомсдолтой байгаа. Ахмад үеийн улс төрчид залуучуудын гарыг ганзганд хөлийг дөрөөнд хүргэхийн оронд харин ч суудлаа хамгаалж өндгөө дарсан шувуу шиг хажиглаж зожиглох янзтай.
Гэвч аз тохиож олон нийтийн хүлээлт болсон залуучууд 2020 онд олноор нэр дэвшиж байгаа нь энэ сонгуулийн онцлох нэгэн төрх, олзуурхах шалтгаан болж байна. Өндөр мэргэжил, өрнө дорнын боловсролыг хослуулсан олон мундаг залуучууд өсөж өндийж байгааг энэ өдрүүдэд харж мэдэрч бахархаж байгаа нь олон.
Ийм залуучуудын төлөөллийн нэг нь Батхүүгийн Ганхөлөг юм. Өвөрхангай аймагт нэр дэвшиж байгаа энэ залууг Г.Батхүү агсаны хүү гэдгээр нь илүү сайн таньж мэдэх байх. АНУ-ын Денвер хотод дунд сургуулиа дүүргэж, улмаар Швейцарийн Женев хотын Олон улсын их сургуулийг Маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр төгсчээ. Ажил хөдөлмөрийн замналаас нь харвал Эрдэнэс Тавантолгой компанийн мэргэжилтнээс эхлээд яамны газрын дарга хийж байсан төрийн ажлын туршлагатай нэгэн. Залуу хүн гэхэд нөлөө бүхий албан байгууллагуудад хариуцлагатай албан тушаал хашиж байжээ. Тийм хэмжээний ажил албыг нэр төртэйгээр хашиж байсан гэдэг нь мөн чанар.
Түүнийг нэр дэвшихтэй зэрэгцэн сайн, саар хэл ам дагалдаж эхэлсэн. Угсаа залгамжлах хунтайж, аавынхаа шийрийг хатаахаар улс төрд орлоо гэхчилэн өөнтөглөж байна.
Батхүүгийн Ганхөлөгийг АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нь улс төр дэх Г.Батхүү агсаны орон зайг нөхөх гэсэн санаа байсан биз. Аавынхаа ажил амьдралын он жилүүдээ зориулж явсан тэр улс төрийн хүчний санал, итгэл хүндлэлийг л хүлээж авсан. Тэгээд ч айлын том хүүгийн хувьд эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлээд явна гэдэг юуны буруу байх билээ, харин ч үүрэг хариуцлага биш гэжүү. Монголчуудын ердийн л нэг түгээмэл жишиг шүү дээ.
Нөгөө талаасаа Батхүүгийн Ганхөлөгийн хувьд улс төрд ороход гэнэтийн бөгөөд харамсалтай тохиолдол их нөлөөлсөн. Үнэнийг хэлэхэд түүний аав цаг бусаар мөнх бусыг үзүүлсэн нь хүүг нь улс төрд урвуулах шалтгаан болсон болов уу. Хэрэв Г.Батхүү агсан амьд сэрүүн байсан бол Б.Ганхөлөг улс төр бус бизнесээ хийгээд л явж байх байлаа. Гэвч амьдрал гэдэг хүсээгүй сонголтыг хэн бүхэнд тулгаж байдаг. Тийм л жамаар энэ залуу явж байна.
Г.Батхүү агсаныг бидний дунд ажиллаж амьдарч байх үед Ганхөлөгийг тийм сайн ч мэддэггүй байлаа. Гэгээн цагаан өдрөөр төрийн ордон дотор учир битүүлгээр амь насаа алдсан, одоо хүртэл шалтгаан нь тодорхой болоогүй байгаа. Айл гэрийн өмөг түшиг болж үлдсэн ууган хүүгийн хувьд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийж, анх олны нүдэнд өртөж байв.
Хөрөнгө бэлтэй баян айлын хүүхдүүд хар тамхи, зодоон цохион гэхчилэн хэл аманд өртөж олны хараанд өртдөг. Харин Ганхөлөгийн тухайд тийм саагиж сүгсэлзсэн, хөрөнгө мөнгөндөө сагасан нэгэн биш. Чимээгүй, намдуухан, даруулгатай даруухан талдаа. Аливаад голч ноён нуруутай ханддаг, залуу хүн гэхэд цагаасаа эрт хашир суусан гэмээр буурь суурьтай залуу юм билээ. Тийм ч болохоор нь улс төрд байх ёстой шинэ үеийн төлөөлөл гэж харж байгаа хүн илүү олон байна. Сонгуулийн сурталчилгаандаа архи тарааж байна гэж өрсөлдөгч намын нөхөд дүрс эвлүүлж интернет олон нийтийн сүлжээгээр худал гүтгэж амжсан. Тэрхүү бичлэг нь цагдаад өгөгдөөд худал гүтэглэг болох нь тогтоогдсон.
Тэр улс төрд орж ирлээ гэхэд тулхтай, тууштай, зарчимч нэгний үр удам гэдэг утгаараа нутаг усныхаа нэр нүүрийг улалзуулах хүн лав биш. Олж авсан хүмүүжил төлөвшил, эцгийнх нь бүтээж бий болгосон бүхэн нь зарим нэгний улс төрд орж дундуураа дүүргэж, дутуугаа гүйцээх гэдэг ад хүслээс ангид байлгаж, чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эх Сурвалж: see.mn