Засгийн газрын өчигдрийн /03.31/ хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Өмнө нь гуравдугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар “Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай” асуудлыг хэлэлцсэн ба түүний зөвшөөрлөөр бичлэгийг ил болгож, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд үзүүлсэн. Тэрхүү бичлэг нь хэсэгчилж монтажилсан 2 минут 52 секундын хугацаатай байсан ба бичлэгт гурван эрэгтэй (нэг нь цээж нүцгэн) орон дээр хэвтсэн нэг эмэгтэйн зургийг олон талаас авч байгаа дүр зураг харагдаж байсан бөгөөд тэр эмэгтэйг Чимэгээ гэж хэлэх хэцүү байсан билээ.