Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан юм. Өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт ирээд байна.
Э.Даваажамц гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдөрт 40-45 км гүйснээр долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолжээ.
Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спортоор хичээллэдэг байсан. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа юм.