Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь 2021 оны зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Улсын начин Э.Энхбатын биед маш хүнд гэмтэл учруулсан бөгөөд энэ хэрэгтэй нь холбогдуулан ОУОХ-ноос түүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэх шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлээд байсан билээ.
Тэрээр ажлаа үргэлжүүлэн хийх хүсэлтэй байгаа талаарх захидлыг ОУОХ-нд явуулаад байсан боловч ийнхүү тамгаа хүлээлгэн өгсөн байна. Түүнийг тамгаа хүлээлгэж өгөхгүй бол МУ “Токио-2020” олимпын наадамд Монголынхоо нэрээр оролцож чадахгүй байдалд хүрээд байгаа талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан юм.
Н.Түвшинбаяр тамгаа хүлээлгэн өгсөнөөр МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлжээ.