Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн талаар танилцууллаа. Тэрбээр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн. 2020 оны 3 дугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны 6 сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч Улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны 5 дугаар сараас хойш Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан.
Газрын тосны үнэ 2021 оны 1 дүгээр сараас өсөлттэй байгаа бөгөөд олон улсын шинжээчдийн байгууллага “Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй хэмээн таамаглаж байна. Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA)-аас 2021 оны 5 дугаар сард газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон бөгөөд 2021 оны газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 270000 баррелиар бууруулан 5,4 сая баррель болгосон. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улирлын хүлээлтээс бага байсан нь БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой байна. Дэлхийн газрын тосны үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтой юм. Үүнд: – ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлвэл;
– Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал;
– Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол зэрэг болно.
Хэдийгээр он гарсаар газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. 2020 оны хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзэж байна.
Газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар:
- ОХУ-д Аи-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, Дт-ний литр тутмын үнэ 1918 төгрөг байгаа бол,
- БНХАУ-д Аи-92 автобензиний литр тутмын үнэ 3274 төгрөг, Дт-ний литр тутмын үнэ 2887 төгрөг байна. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа нэмэгдсэн” гэв.
Ташрамд дуулгахад, Манай улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 58 хоног, Аи-92 автобензин 31 хоног, дизелийн түлш- 31 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна.