Хөвгүүдэд гэрийн ажил заадаг сургууль

Хувцас индүүдэх, хоол хийх, юм оёх нь зөвхөн эмэгтэйчүүдийн хийх ёстой зүйл биш. Наад захын эдгээр ажлуудыг эр эм гэлтгүй хүн бүр сурах хэрэгтэй. Тэгвэл Испанийн Виго хотод байдаг нэгэн коллеж 2018 оноос эхлэн хичээлийн хөтөлбөртөө эрэгтэй сурагчдад гэрийн ажил хийхийг заах нэмэлт хичээлийг нэмжээ.

Монтекастелогийн коллежийн энэхүү нэмэлт хичээл нь эрэгтэй сурагчид цэргийн албанд татагдахад бие даах чадвар нь нэмэгдэхээс гадна хамгийн чухал ач холбогдол нь хүйсийн тэгш байдлыг эрхэмлэж сурах гэж үзжээ. Багш нар, зарим тохиолдолд эцэг эхчүүд, эмэгтэй сурагчид эрэгтэй сурагчдад хоол хийх, хувцас угаах, индүүдэх, цэвэрлэгээ хийх, юм оёх гэх мэт хүн бүрийн заавал хийж сурах ажлуудыг өөрсдийн биеэр үлгэрлэн заадаг ажээ.

Эхэндээ ихэд эсэргүүцэл дагуулж байсан ч аажим аажмаар үр дүнг нь мэдэрсэн эцэг эх, сурагчид одоо уг хичээлийн ач холбогдлыг ойлгон идэвхтэй оролцох болсон байна. Зарим эрэгтэй сурагчид өөрсдийгөө эдгээр энгийн зүйлсийг хийдэггүй байсандаа гайхдаг тухайгаа ярьжээ.