“Орон нутагт зорчих өрхийн нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна’

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Covid-19′-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.12 минут байна. УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага нийт дуудлагын 5.7 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ’ фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.


-Баяр наадмын өдрүүдэд орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Орон нутагт “Ковид-19” өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдаж, импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Хөл хорио цуцлагдсан аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй, УОК-той зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх юм. Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх, аль болох байгальд хоноглож амрах, жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг уриалж байна. Вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр вакцины гэрчилгээ болон эмчийн магадалгааг үзүүлэн товчоодоор нэвтэрнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таван наснаас дээш нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Иргэд тухайн орон нутаг мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авна. Хөдөө орон нутагт зорчих иргэд зорьж буй аймаг болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө авах хэрэгтэй. Мөн цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явахыг уриалж байна.

-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

  • Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313
  • Баянгол дүүрэг 89121177
  • Чингэлтэй дүүрэг 70007105
  • Сүхбаатар дүүрэг 70003910
  • Хан-Уул дүүрэг 70043085
  • Баянзүрх дүүрэг 19001063, 70150065
  • Налайх дүүрэг 70233464
  • Багануур дүүрэг 70212903
  • Багахангай дүүрэг 7049103

Мөн Covid-19-ийн нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг.

-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ