Олимпийн жүдо бөхийн Эрэгтэй -66 кг-ийн жинд Японы тамирчин, дэлхийн хошой аварга Абэ Хифүми, Эмэгтэй -52 кг-ийн жинд түүний дүү Японы тамирчин, дэлхийн хошой аварга Абэ Үта нар алтан медалийн болзол хангаж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэнэ бөхчүүдээс шилдэг гэдгээ харуулж олимпийн дэвжээг эзэгнэв.
Абэ Хифүми өдгөө 23 настай тэрбээр шөвгийн наймд Монголын Ё.Басхүүг, хагас шигшээд Бразилын Даниел Карниныг, финалд Гүржийн Важа Маргвелашвилиг тус тус ялж, олимпийн аварга болов. Хүрэл медалийг Өмнөд Солонгосын Ан Баул болон Бразилын Даниел Карнин нар хүртжээ.
Абэ Үта 21 настай тэрбээр шөвгийн наймд Их Британийн Челси Жайлесыг, хагас шигшээд Италийн Одетте Жиуффридаг, финалд Францын Амандин Бюшарыг тус тус ялж, олимпийн аварга болов.
Алтан медаль хүртсэн Абэ Үта “Сүүлийн дөрвөн жил би олимпод барилдахын төлөө их хичээсэн. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Бюшар бол миний хүчтэй өрсөлдөгч. Би түүнийг хүндэлдэг. Эцэст нь түүнийг ялсандаа баяртай байна” гэжээ.
Ийнхүү ах дүү хоёр нэг өдөр олимпийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандууллаа.
Японы спортын түүхэнд ах дүү хоёр олимпийн аварга болсон анхны тохиолдол энэ болж байна.