Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн асуудлаар уулзалт болно

Монгол Улсын дээд шүүх, тус шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шүүхүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулна.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн асуудлаар харилцан санал солилцож ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа талаар нийслэл болон орон нутаг дахь анхан, давж заалдах шатны шүүхүүдээс тодорхой санал ирүүлснийг харгалзан дээрх уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Уулзалтын үеэр шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмын төслийг шүүгчдэд танилцуулан саналыг нь төсөлд тусгах юм.

Мөн бүх шатны шүүхийн шүүгчдийн сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн талаар танилцуулга хийнэ.

Дашрамд дурдахад Шүүхийн тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад онлайнаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонссон бөгөөд энэхүү уулзалтад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар оролцсон юм.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ