Киргизийн Ерөнхий прокурорын гэр төрийн ордноосоо ялгарахгүй шахам том, хотынхоо төвд данхайж байхыг хараад авлигад идэгдсэн улс орны үнэн дүр төрх гуниг төрүүлж билээ. Яг л тэр замаар манай яруу алдарт хонгилынхон яаран сандран мацсаар өнөөг хүрсэн. Тэгэхдээ бизнесийн хүрээнийхэн бие биенээ дээрэмдэх, оруулаад ирсэн хөрөнгө оруулалтыг нь булаах, хонгилын шүүхээр чирэх зэргээр улс орны бүтээн байгуулалтыг үнэгүйдүүлж, үүрээ эвдсэн шоргоолж шиг шороогоор наадаж шоронгоо дүүргэж байхыг ч нэг бус харлаа. Социализмын үеийн хэдэн үйлдвэрээ хувьчлал нэрээр дээрэмдэж дуусчихаад, төрийн тендэрт цадахаа болихын цагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барьж буй хэн нэгнийхээ үйлдвэрийг үлээхийн зуур өөрийн болгох гээд улайрч суудаг жишээ нэг бус.
Яг ийм явдал Дорноговьд давтагдаж, үүнд УИХ-ын хоёр гишүүн нь хоршин оролцож, нийслэлийн прокурорын дарга асан Ш.Нямдоржийг ашиглаж байсан, одоо ч үргэлжилж байгаа түүх бий. Орон нутгаас УИХ-д чадал чансаагүй гишүүд сонгогдон орж ирж, Монголын парламентийг нохойд барьдаг мод, номхонд өргөдөг ташуур болгодог тод жишээ ч бас энэ аймагт давтагдсан. Аймаг, сумынхаа төвд ганц км зам тавина, эмнэлэгт нь ганц хоёр пургон бэлэглэнэ, ахмадуудын гар дээр цай хадаг тавина, дарга сайд нарыг дагуулж далдайж баахан давхина, малчдын мотоциклд бензин хийнэ, малын үр ашиг ярьж чулуу хөөлгөнө, одон медал тарааж овойно, улс төрийн намдаа улаанаар эргэтэл мөнгө цутгана. За ингэсхийж байгаад л УИХ-д ухалзаад ороод ирнэ, араасаа хамсаатнаа чирнэ. Орон нутгийн жижиг гарууд ордонд тухлах ийм л амархан, тийм л хямдхан. Дорноговиос сонгогдсон Дэлгэрсайхан, араасаа дараа нь чирсэн, Засаг дарга асан Энхтүвшин нарын түүх бол бас л энэ. Дулдуйтын Данзанравжааг ярьж, хонх дамар дажигануулж, төвөөс хэдэн лам аваачиж наминчлуулаад л болоо, шууд гишүүн, шуугианы од гэж байгаа юм. Тэгээд нутагтаа байгаа орд газраа булаацалдаж, овоохон бүтээн байгуулалт хийсэн нэгнийгээ хонгилын шүүхээр чирнэ, хов түгээнэ, хооронд нь прокурор шүүгч хожно, хэтэвчээ түнтийлгэж хэхэрнэ, хэн нэгний хувь тавилан, хийсэн бүтээснийг хэдэн төгрөгөөр шийднэ, худалдана. Дорноговьт 2016 оноос хойш хоёр жилийн хугацаанд боловсруулах үйлдвэр, эрчим хүч, барилга байгууламж босгосон “Засагт чандмань майнз” хэмээх компани яг энэ хонгилоор чирүүлж, Монголын талын үндэсний хөрөнгө оруулагч нь өдгөө гэр бүлээрээ гадагшаа дүрвэхээс аргагүй байдалд орсон жишээ байна. “Засагт Чандмань майнз” компани эрчим хүчний үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан нь хөдөө орон нутаг дахь том хөрөнгө оруулалт хэмээн тухайн үед хэвлэлийнхэн мэдээлж байлаа. Гэвч энэ нь орон нутгийн дээрэмчдийн анхаарлыг татаж, ордонд гишүүн болмогцоо эрх ямбаа ашиглан эхний хонгилоор гүйлгэх шалтгаан болсон байдаг. Эднийх “Жеймс лимитед” компанитай 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтанд харилцан гарын үсэг зурж, асуудал гарвал Английн шүүхээр хэлэлцэн шийдэхээр анхнаасаа хоёр тал тохирсон боловч дунд нь манай яруу алдарт хонгилын прокурор, шүүгчид язганаад ороод ирсэн хэрэг. Дэлхийд нэртэй хуулийн фирмүүдээр хамтын хөрөнгө оруулалт, зээлийн гэрээгээ хийлгэж, Монголын болон Олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаа эхэлсэн энэ компанийн бүх бүтээн байгуулалт ийнхүү нам зогссоноор дорноговьчууд 10 мянга орчим ажлын байраа алдаж, барьсан үйлдвэр, босгосон барилга байгууламж нь хоёр жил хог шиг үнэгүйдэн хэвтэж байгаа нь ч нууц биш. Үйлдвэрийн тоног төхөөрөмж эргэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх сүүлийн мөчид ийнхүү нэгнийхээ бизнес, судалгаа, хөрөнгө оруулалтыг дээрэмдэхээр шунаж, үүндээ хууль шүүхийнхнийг ашиглаад зогсохгүй, гаднын улстөрчдийн нэрийг ч эрээ цээргүй хутгах болжээ. Эл хэрэгт гэхэд Английн Ерөнхий сайдын дүү Жонсон гэх дүр бий болгосон байх юм. Гэтэл тэр нь Дорноговьд ганц удаа очиж, уг үйлдвэртэй танилцаж байгаагүй хүн байх энүүхэнд. Энэ мэтээр үндэсний хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагчид хонгилын өрөөнд цоожтой, босгосон бүтээсэн нь хээр талд шороо тоосонд дараатай, орон нутгийн дээрэмчид ордонд тухлаастай, улс орон үнэгүйдэн ядуураастай хэзээ хүртэл сажлахыг хэн мэднэ? Балга бензин, атга гурил, аймаг сумынхаа хүнсний дэлгүүрт тавьсан өр, алаг үнээний тэжээл төдийгөөр саналаа өгөөд байвал цаашдаа салж унахад ойрхон байна даа, энэ улс орон. Нутаг аймаг болгонд энэ мэтээр нугаслуулаад нам зогссон бүтээн байгуулалт бий. Тэр тусмаа гурав дахь хөрштэй хамтарсан л бол урд хөршийн тавиулууд уургын морь, ууш идэшний гахай шиг ингээд бүчээд авч байгаа юм даа.
Эх сурвалж: https://web.facebook.com/%D0%AD%D0%BC%D2%AF%D0%B6%D0%B8%D0%BD-553678738053852