ОХУ Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргын албан тушаалд тэнцэхгүй гэсэн хариуг МУ-д ирүүлжээ

УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга хүнд өвчний улмаас таалал төгсч тус газрын даргын суудал эзгүйрсэн бөгөөд өнгөрсөн сард УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг томилохоор Оросын талд санал хүргүүлсэн хэмээн Зам тээврийн сайд  Л.Халтар мэдээлсэн. Тэгвэл ОХУ-аас Ц.Хүрэлбаатарыг тус нийгэмлэгийн даргаар томилох монголын саналыг хүлээн авах боломжгүй гэжээ. Тодруулбал: ОХУ-ын талаас МУ тус нийгэмлэгийн даргаар хээл хахууль, албан тушаалын ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй, олон улсад танигдсан,   нийгэмд эзлэх нэр хүнд өндөртэй хүн санал болгохыг хүсчээ.

ОХУ-ын хувьд тус нийгэмлэгийн даргаар МУ-ын талаас санал болгосон гурав дахь хүнийг томилох боломжгүй хэмээн буцаагаад байгаа билээ.

Сануулахад: Энэ оны эхээр анх УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг даргаар томилох саналыг ОХУ-д хүргүүлсэн боловч татгалзсан. Татгалзсан шалтгаан нь мөн нь дээрхийн адил. Түүний хувьд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өндөр дүнтэй гүйлгээ хийсэн нь түүнийг АТГ-ын хаалга татуулж, улмаар ял шийтгэл хүлээсэн бөгөөд өршөөлд хамрагдсан.

Түүний дараа Сэлэнгэ аймгийн өртөөний даргаар ажиллаж байсан Б.Даваасүрэн санал болгосон боловч мөн л тухайн нийгэмлэгийг авч явах мэдлэг чадваргүй хэмээн татгалзсан байдаг.