Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажил авсанаас хойш ХӨСҮТ-ийн хоёр ч дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. ХӨСҮТ-ийн захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд хариуцдаг. 2021 он гарсаар ХӨСҮТ-ийн гурав дахь захирал ийн солигдож байгаа билээ. Нэгдүгээр сард ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлсөн. Түүний оронд Д.Наранзул ажиллаж байгаад одоогийн ЭМ-ийн сайд томилогдсоноор өөрийн хүсэлтээр ажлаа өгч, улмаар 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн захирлаар томилсон. Тэгвэл тэр ч мөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл байна. Цар тахал газар авсан энэ үед ЭМ сайд ХӨСҮТ-ийн даргатай хамтарч ажиллаж чадахгүй байгаа нь олны шүүмжлэлийг төрүүлээд байна. ЭМ-ийн сайд С.Энхболдыг ажил авсанаас хойш ХӨСҮТ-ийн хоёр захирал ийнхүү өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй нь энэ юм.
Д.Нямхүүгийн хувьд ажлаас хууль бусаар халагдсан, ажилгүй байх үеийн эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өнгөрсөн сард шүүхээс түүнийг ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргасан юм.