Энэ сарын 4-ний өдөр “SM медикал” гэх хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар талийгаачийн ах хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Миний дүү энэ эмнэлэгт энэ сарын 4-ний өдөр хамар тэгшлэх мэс засалд орсон. Гэтэл эмнэлгээс 13.20 цагийн над руу ярьж, дүүгийн чинь биеийн байдал маш муу нэгдүгээрт эмнэлэгт хүргэгдлээ гэж хэлсэн. Яваад очиход дүүгийн маань халуун нь буухгүй, бие нь сайжрахгүй байсаар оройн 19.00 цагийн орчимд нас барсан.
Бидний зүгээс “SM медикал’ эмнэлэгт явагдсан хагалгааны үйл ажиллагаа стандартын дагуу явагдсан эсэх, хүний амь нас хохироочихов уу гэж үзээд байна. Мөн нас барсных нь дараа эмч нар бидэнд “эрэгтэйчүүдийн мэс засах ажилбар хийгдсэн’ гэж хэлсэн. Бид үүнийг сонсоод шоконд орсон. Ийм богино хугацаанд нэг зэрэг хоёр хагалгаа хийж болдог юм уу гэж гайхаж байна. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох байх’ гэсэн юм.
Тухайн залуу нь АНУ-д амьдардаг бөгөөд гурван хүүхдээ авахаар Монголд түр хугацаанд ирээд байхдаа ийнхүү амиа алджээ.
“SM медикал” эмнэлэг нь “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байжээ. Сануулахад: “Тод каннам” эмнэлэгт нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд ороод амь насаа алдаж байсан. Тухайн үед НМХГ-ийн дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэж байсан билээ. Тус хэргийн шүүх хурал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй шүүх шатанд байгаа юм.