Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулалтын цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэгдүүлэх, борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэх, ялангуяа алслагдсан байршилтай борлуулалтын цэгт түлш хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах нь зүйтэй байгааг онцоллоо.
Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ. Нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Хариуцлага тооцох механизмийг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байгааг Хотын дарга тодотголоо.
ЭМНЭЛЭГТ 6727, ГЭРЭЭР 27107 ХҮН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдсан юм. Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа. Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин тарьсан. Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь нь хамрагдаад байна гэдгийг мэдээллээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр л гэхэд 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй аж. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж буй юм байна.
ХОТЫН ХЭМЖЭЭНД БАЙГАА ЗОГСООЛЫН ТООГ НЭГТГЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хот дүүргийн тэнцвэрийг хангах үндэсний хорооны төлөвлөгөө боловсруулагдаж дууссаныг шуурхай зөвлөгөөний үеэр дуулгалаа. Энэхүү төлөвлөгөө нь авто замын ачааллыг бууруулах зорилгын хүрээнд 18 зорилт, 89 төсөл арга хэмжээ, олон төвт хот болгох зорилгын хүрээнд дөрвөн үндсэн зорилт, 12 төсөл арга хэмжээ, хот дүүргийн тэнцвэрийг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд дөрвөн үндсэн зорилго, 18 төсөл арга хэмжээг боловсруулсан байна.
Төлөвлөгөөг боловсруулах явцад хүндрэл учруулж буй хоёр асуудал байгааг тодотгов. Үүний нэг нь нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо. Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүртээмж онцгой нөлөөтэй. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг замын түгжрэлийг сааруулахын тулд нийгмийн дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийн байршлыг оновчтой болгохыг зорьж байгаа. Гэтэл нийслэлийн харьяа алба агентлагуудад нийслэлийн хэмжээнд шинээр барьж байгуулж буй сургууль цэцэрлэгийн тоо зөрүүтэй байгааг Хотын орлогч дурдлаа. Удаах нь газар чөлөөлөлттэй холбоотой хүндрэл. Үүнд газрын албаныхан анхаарч ажиллахыг мөн хүслээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүх зогсоолын тоог гаргах, нэгтгэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлж байгаа аж.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН, СУРГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах,
-Цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах,
-Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.
-Төрийн байгууллагуудын сургалт, цуглаан, зөвлөгөөнийг цахим хэлбэрт шилжүүлэх, хувийн хэвшлийнхнийг манлайлж ажиллах, ёс зүйн хэм хэмжээг нягт баримтлах,
-Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник, тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах,
-Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үлдсэнийг шуурхай дуусгах, ухсан нүх, сэндийлсэн газрыг хэвийн байдалд оруулах,
-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах,
-Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах,
-Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.