Энэ ганцхан Одбаярын асуудал биш ээ. Хүний анхдагч эрх бол галтай байх явдал. Тулгандаа ч, сэтгэлдээ ч галтай хүн гараа гавлуулахаас айдаггүй юм. Эрдэнийн хүү гэдэгтээ ч учир нь байгаа юм биш. Э.Одбаярын хоригдож байгаа нь, хорих ангид шударга бусыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байгаа нь өнөөдрийн 34 настнуудад, өчигдрийн 34 настнуудад, маргаашийн 34 настнуудад хамаатай. Э.Одбаяр 34 настай гээд бодохоор дөрвөн настай хүү ардчилсан нийгэмд хөл тавьсан байна. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрин үед түүний 34 жилийн амьдралыг үзэх үзэл төлөвшсөн байна. Зон олны намыг 2016 онд байгуулсан, генсекээр нь ажиллаж байгаад 2021 онд даргаар нь сонгогдсон. Аавынхаа эгнээнд нь багтдаг АН-д сөрөг хүчин байж чадахгүй байгаагийнх нь төлөө шүүмжлэлтэй ханддаг. “Миний аав, аавынхаа намыг сонгоогүй, би ч бас аавынхаа намыг сонгоогүй, ардчилсан нийгэмд энэ бол энгийн үзэгдэл” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн. Зон олны нам үйл ажиллагаагаа цахимаар явуулдаг, гол хурлаа ч цахимаар хийдэг. Үүнийг Э.Одбаяр ” Орчин цагт зардал хэмнэх арга нь цахим үйл ажиллагаа юм. Улс төрийн намуудын зардал хэтэрснээс ЖДҮ, 60 тэрбум зэрэг хэргүүд гарч, төр авилгажиж байна” хэмээн тайлбарлажээ. Улс төрд 30 нас хүрээд орсон. Хоёр том улс төрийн нам удаан хугацаанд ноёлж байгаа нь түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн аж. Өнөөдөр энэ залуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө хорих 461 дүгээр ангид Д.Монголхүүгийн хамт баривчлагдан хоригдож, энэ сарын 11-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан бөгөөд өдгөө 10кг турж, бөөрний дутагдалд орж эхлээд байгаа юм. Хоригдож байхдаа ч тэмцлээ үргэлжлүүлж буй тэрээр No double standart буюу хууль тэгш бус үйлчилж байгаад эгдүүцэн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан. Түүний байгуулсан Зон олны намыг улсын бүртгэлд бүртгэхгүй хэдэн жилээр саатуулж байсан гэхээр анхнаасаа Э.Одбаярын улс төрийн амьдрал ялгаатай хандлагын улмаас хана мөргөж иржээ. Nonaadam хөдөлгөөн нь ч бас улсын наадмыг хоёр дахь жилдээ эгэл ард тэмдэглэхгүй, эрхэм дээдэс хэдүүлхнээ баярхан наадах гэж байгаа явдлыг эсэргүүцсэн ажиллагаа байсан агаад наадмыг бус, тэгш бус хандлагын эсрэг зохион байгуулсан тэмцэл байсан талаар өөрөө хэлсэн байна. За ийм нэгэн залуу хорих 461 дүгээр ангид эрүүл мэнд, амь насны хувьд эрсдэлтэй өдрүүдийг туулан хоригдож байна. Хэдэн өдөр сараар хоригдоод ч хамаагүй, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ авч үлдэх гэж амиараа дэнчин тавьж байна. Энэ бол өнөөдрийн монголчуудад байгаа цорын ганц цоролзож үлдсэн эрх юм шүү. Бидний олон олон эрх олон олон хуулийн зүйл заалтуудыг өөрчлөх тоолонд алдагдаж, мартагдаж ирсэн. Тусгай зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа наймаа хийх эрх…олон эрхээ бид өөрсдөө ч анзааралгүй цувуулан алдсаар байгаа. Хууль эрх мэдэлтэнд нялуун, эгэл ардад нясуун үйлчилдэг болсон нь ч үнэн. Үүнийг эсэргүүцэн Одбаяр тэмцэж байна. Үүнийхээ төлөө Оюун-Эрдэнийн гомдлоор хоригдож, өлсгөлөн зарлаад 20-оод хоночихлоо. Тэр ЖДҮ халааслаагүй, 60 тэрбум үйлдээгүй, оффшорт мөнгө нуугаагүй, хүн алаагүй, хүрээ талаагүй, цүнх бариагүй, цүлхийтэл баяжаагүй. Тэр байтугай МАН-ынхны нам эрх мэдлээ угсаа залгуулан үр хүүхэддээ өвлүүлдэг хөгшин бурхиудын новшийн хандлагыг АН-д ааваараа давтаагүй. Магадгүй түүнийг аав нь ч нугалж, хугалж дийлдэггүй биз. Эрдэнийн хүү гэдэг тодорхойлолт нь энэ залуугийн улс төрийн зорилгыг илүү ээдрээтэй, төвөгтэй болгодог гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ тэр хоригдож байна. Зөвхөн үг хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож байна. Хожмын нэгэн өдөр Оюун-Эрдэнэ, Нямбаатар, бас миний, таны хүүхдүүд Одбаяртай адил үгээ хэлэхийг хүснэ, үүднээсээ баривчлагдана. Тэр үед ганцхан Одбаярт л хамаатай гэж хэнэггүйхэн хандсан эл хэрэг бидэнд бас дэндүү ойрхон байсныг, дэндүү чанга хаалга балбасныг ойлгоод ч оройтсон байх болно. Түнэр харанхуй ингэж л ирдэг юм. Түнэр харанхуйд түмнийг дарлан дээрэмдэхэд илүү амархан байдаг юм. Уулаа идлээ, хулгайллаа, хумсаллаа гэж хэн ч орилохгүй болох тэр өдөр угаас бүгд ухаарах тэнхээгүй, урагшлах зүрхгүй, сэтгэлдээ галгүй, итгэлдээ очгүй болсон байдаг юм шүү.