Д.Баатарсайхан: Сайд нь тамгаа авч цоожилчихоод өгөхгүй байгаа нь өнөөдрийн албан тушаалтнуудын бодит байдал

Төрийн албаны тухай хууль,  “КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль’-ын 3 дугаар зүйлийн 2 дахь заалтаас болж хэрэгжиж чадахгүй байгаа шүүмж сүүлийн үед их явж буй. Энэ талаар төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа.

-“КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль’-аас болж Төрийн албаны тухай хууль хэрэгжихгүй байна гэх шүүмжлэл сүүлийн үед их явж байна. Танайхаас ч хэд хэдэн аймагт шалгалт хийж төрийн албанд хууль бусаар томилогдсон асуудлууд илрүүлжээ. Энэ хоёр хуулийн зүйл заалт зөрчилдсөний улмаас Төрийн албаны тухай хууль хэрэгжиж чадахгүй байна.  Төрийн албанаас хууль бусаар халагдсан иргэд ч Төрийн албаны тухай хууль, ТАЗ байх шаардлага алга хэмээн үзэл бодлоо илэрхийлж эхэллээ?

-Ковидын хууль тогтоомжийг нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж гаргасан боловч судалгаа муутай гаргасан. Үүнээс үүдэн нэг хууль нь нөгөө хуультай зөрчилдөөд байна. Ганц ковидын хууль ч биш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд төрийн албан хаагч хурлын төлөөлөгч байж болно гээд заагаад өгчихсөн. Гэтэл Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагч хурлын төлөөлөгч байж болохгүй гээд хориглоод батлуулчихсан.

Уг нь Төрийн албаны тухай хууль ард түмний хүсэл эрмэлзэл дээр тулгуулан гарч ирсэн хууль. Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрд 16 жил ажилласан байна, түүний доод албан тушаалд найман жил ажилласан байх ёстой. Гэтэл тухайн шаардлагад хүрэхгүй байгаа хүмүүсээ л Ковидын хуулиар томилж, ТАЗ-ыг харлуулж харагдуулж байна.

Ковидын хууль 12  сарын 31-нд дуусгавар болно. Цааш сунгахгүй байлгүй дээ. Ард иргэдийн хэдэн хувь нь халдвар авчихав даа. Хоёр хуулийн зөрчлөөс болж тэнд байгаа албан тушаалтнуудад дуудагдаж загнуулах гээд асуудал их байна.

Ер нь төрийн албаны зөвлөл сайн ажиллаад ирэхээр л татан буулгах асуудал яригддаг. Өмнө нь ч бас ийм зүйл болж байсан. Одоо жаахан ажлаад ирсэн чинь татан буугдах асуудал хөндөгдөөд эхэлж байна.

-Тэнд байгаа албан тушаалтнуудад загнуулж байна гэлээ. Та бүхнийг хэн дуудаж загнаад байгаа юм бэ?

-Бид бүх зүйлээ мэдээллээд байгаа шүү дээ.

-Сая манай сэтгүүлчид бас асуулаа. Яагаад та нар АН эрх барьж буй аймгуудыг эхэлж сонгож шалгалт хийв. Үнэхээр улс төрийн захиалга байна уу. Тэнд байгаа албан тушаалтнууд дуудаж үүрэг даалгавар өгсөн юм биш биз дээ. Ийм хууль бус томилгоо яам агентлагуудад ч байна шүү дээ. ЭМЯ гэхэд 15 ажилтнаа халсан асуудал одоо болтол яригдсаар байна. Мөн БОАЖ сайд нь Төрийн нарийн бичгийн даргынхаа тамгыг авчихаад ажилчиддаа хууль бусаар халж солиод байхад танайхаас яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?

– ЗГ-аас тамга тэмдэг түших журам баталсан. Тус журамд яамны тамгыг Төрийн нарийн бичгийн дарга түшнэ гээд баталчихсан.  Гэтэл БОАЖ-ын сайд нь тамгаа авч цоожилчихоод гаргаж өгөхгүй  байгаа нь өнөөдрийн албан тушаалтнуудын байгаа бодит нөхцөл байдал.

-Тэгэхээр БОАЖ-ын сайд нь Төрийн нарийн бичгийн даргынхаа тамгыг авчихаад улс төрийн томилгоо хийгээд байдаг гэж ойлгож болох уу?

-Би тэгж л харж байгаа. Нөлөө бол байгаа.

-Улс төрийн албан тушаалтан яамандаа чөлөөлөх томилох ажил хийгээд байхад танайх яагаад юу ч хийхгүй байга юм бэ?

-Шалгалтын ажил дуусаагүй байгаа.

Д.Гэрэл