Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа иргэд цуглаж тус улсын сургуулийн хүүхдүүдэд зодуулж, хүчирхийлэлд өртсөн 13 настай монгол охины эрхийг хамгаалах талаар ЭСЯ-нд албан бичиг хүргүүллээ. Иргэдийн төлөөлөл Ж.Отгонбаяр монгол хүний аюулгүй байдалд халдсан тиймээс бид энд цуглалаа хэмээн хэлэв.
Албан бичигт “…Монгол охиныг зургаан цагийн турш зодож тамласан асуудлыг Монголын ард түмэн эсэргүүцэж байна. Тиймээс охины гэр бүл болон Монголын ард түмнээс өнөөдрийн дотор уучлал гуйхыг шаардаж байна. Мөн хүчирхийлэлд өртсөн охинд нөхөн төлбөр олгуулахаас гадна өмгөөллийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж байна. Мөн цаашид ийм үйл явдал гарахгүй байхад анхаарах”-ыг дурджээ.
БНСУ-ын ЭСЯ-наас өнөөдрийн дотор багтааж уучлал гуйхгүй бол маргааш илүү олуулаа цуглаж, цаашид олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа ч иргэдийн төлөөлөл хэлж байна.