Энэ сарын 3-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхонд оршин суух гадаад улсын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг яаралтай зохион байгуулж, гадаадын иргэнийг бүлэглэн дээрэмдсэн таван иргэнийг баривчилжээ.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмджээ. Ингэхдээ Хятад иргэн болон түүний орчуулагч эмэгтэй нарыг гар хөлийг хүлж, бэлэн 1,2 тэрбум төгрөгийг авч хэргийн газраас зугтсан аж.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: “Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өчигдөр шөнө болсон хэрэг болохоор тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй байна’ гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй үйлдсэн. Тэднийг цүнхтэй мөнгөтэйгээ авто машинтай зорчиж явахад нь баривчилсан гэх мэдээлэл байна.