“Хулгай’-гаар томилогдогсод дахин хуулийн хамгаалалтад оров

Төрийн албаныхныг сонгон шалгаруулж, тэдний тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой газар бол Төрийн албаны зөвлөл. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд Ковидын хуулиар халхавчлан “хулгай’-аар томилогдсон хүмүүс 1000 хол давсан талаар төрийн албанаас мэдээллэж байв. Тус томилгоонд төрийн албаны тухай хуулиар уг албан тушаалд тохирохгүй хэлтэс албадын дарга нараас гадна, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар ч байгаа юм.

Тэгвэл Ковидын хуулийн хугацаа өнгөрсөн оны сүүлээр дуусч ТАЗ-ын дарга Б.Баатарзориг ч төрийн албаны шаардлага шалгуур хангахгүй хүмүүсийг чөлөөлөх тогтоол гаргасан.

Гэвч УОК болон ЗГ, МАН-ын бүлэг уг хуулийг сунгахаар тохиролцож УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн хүч түрэн сунгаж орхилоо. Уг нь энэ хуулийг дахин сунгаагүй бол ТАЗ-ын даргын дээрх тогтоолоор ковидын хуулиар халхавчлан төрийн албанд шургалсан хүмүүсийг чөлөөлөхөөр байв.  Харамсалтай нь ковидын хууль дахин зургаан сараар сунгагдаж төрийн албанд “хулгай’-аар томилогдогсод дахин хуулийн хамгаалалтад орчихов.  ТАЗ-ын дарга Б.Баатарзоригийн дээрх тогтоол мэдээж хуулийг давж үйлчлэхгүй. Тэгэхээр ирэх зургаан сар хүртэл тус хууль төрийн албанд тэнцэхгүй хичнээн хүнд гүүр болж өндөр албан тушаалд томилохыг таашгүй юм.

Төрийн албаны шалгалтад тэнцсэн татлаа түлхээ байхгүй жирийн ардын хүүхдүүд хэзээ намайг дуудаж ажилд томилох бол гээд  хэдэн зуун мянгаараа хүлээж байна шүү дээ Эрх мэдэлтнүүдээ.

Д.Гэрэл