Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч хянаад 2022 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ’ гэснийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан байна.