Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарч буй гал түймэр 2 сая гаруй га талбайг хамарчээ. Нэн ялангуяа 784 мянга орчим га зэрлэг тундрийн, мөнх цаст нутаг сүйдэж буй нь байгальд нөхөн сэргээгдэшгүй их гарз болж байгаа юм.
Сибирь бол дэлхийн хойд хагасын уушги гэгддэг нутаг билээ. Гэвч сүүлийн хэдэн жилийн ган, хуурайшилт, түймрээс болж хуш, нарс, шинэс моднууд үнс болон хувирч байна. Тухайн бүс нутагт хүн бараг суурьшдаггүй, түймэр хүмүүсийн суурин, стратегийн байгууламжид хүрэхгүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлсэн бөгөөд түймрийг унтраах зардал хэт их гарна хэмээн үзжээ.
Долоодугаар сарын 25-ны байдлаар
1. Красноярск муж – 906,344 га шатаж байгаагийн 24,178 га нь бүрэн
2. Якутск (Саха Бүгд Найрамдах Улс) – 784,909 га шатаж буйгаас 865 га
3. Эрхүү муж – 499,443 га-гаас 120,262 га,
4. Буриад – 45,097 га-аас 992 га,
5. Ханты-Мансий автономит муж – 22 га тэр чигээрээ
6. Забайкала муж – 17 га-гаас 1 га,
7. Тюмень муж – 1 га газар нөхөн сэргээгдэхгүйгээр устаж үгүй болох төлөвтэй байгаа аж.
Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург зэрэг хотуудыг хамарч Томск, Кемерово хотууд тав дахь өдрөө нар үзсэнгүй. Үүний улмаас цусны даралт ихсэх, толгой өвдөх, амьсгал давчдах зэрэг зовиур илэрсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.
Эх сурвалж: SiberianTimes