УОК-с энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрөөд байгаа билээ. Тус барилдаанд допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг барилдуулах эсэх нь тодорхойгүй байсан бол 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр МҮБХ-ны тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Увс аймгийн харьяат МУ-ын Даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн харьяат МУ-ын Арслан Р.Пүрэвдагва нарын бөхчүүдийг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд ‘БАРИЛДУУЛАХГҮЙ’ гэсэн шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллэв. Сануулахад, МҮБХ нь энэ сарын 13-ны өдөр Улсын даян аварга Н.Батсуурийг 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд бүртгэн барилдуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан ч хэсэг бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, тус өдрийн барилдаан эхлэх цагаасаа нэг цаг гаран хойшилж улмаар МУ-ын Харцага Г.Намсрайжав хүү МУ-ын Даян аварга Н.Батсуурь нарын 10 гаран бөхчүүдтэй дэвжээ голлон зогссоноор МҮБХ-ны тэргүүлэгчид барилдааныг цуцалж, улмаар дээрх нэр бүхий бөхчүүдийг сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд оролцуулах эсэх нь тодорхойгүй байсныг ийнхүү шийджээ. Харин тэднийг Цагаан сарын барилдаанаас хойш зохион байгуулагдах заал, танхимын барилдаанд зодоглохыг зөвшөөрч байгаа ажээ.
Т.Түвшин