Засгийн газар тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, • Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол, • Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц, • Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц… зэрэг 14 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ. Өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар нэмэх тогтоол батална. Үүний дараа иргэдийн дансанд өнөөдөр багтааж шилжүүлнэ гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудастаа бичсэн байв.

Сануулахад: УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өчигдөр батласан. Уг хуулиудад өөрчлөлт оруулснаар тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой болсон. Тэгвэл тэтгэврийг хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэх юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг 15 хувиар нэмвэл тэтгэврийн зөрүүг улам нэмэх болно үүнийг дахин харж үзээрэй гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяад хэлсэн. Тэгэхээр тэтгэврийн доод хэмжээг 500 болгож байгаа ч, 500 мянганаас дээш тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг хэдэн хувиар нэмсэн талаарх мэдээллийг ЗГ-ын хуралдааны дараа бид эргэн мэдээллэх болно.

Д.Гэрэлээ