Энэ амралтын өдрүүдэд жүдо бөхийн ээлжит цуврал тэмцээн болох Парисын Их Дуулга 2022 тэмцээнд манай улсын жүдочид одтой сайхан барилдаж тус тэмцээнийг өндөрлүүллээ. Эхний өдрийн тэмцээнд манай улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байсан бол сүүлийн өдрийн тэмцээнд эрэгтэй +100 кг жинд Одхүүгийн Цэцэнцэнгэл өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Кокүро Кагэүраг торгуулиар ялж аваргын төлөө финалд шалгарч үлдсэн. Улмаар ОУХМ О.Цэцэнцэнгэл Азербайжаны бөх Ушанги Кокаүритай барилдаж боолтоор цэвэр ялж аваргын алтан медаль хүртэж Монголын төрийн дуулал эгшиглэж алтан соёмбот төрийн далбаагаа дахин Парисын тэнгэрт мандууллаа.
Сонирхуулахад Парисын Их Дуулгаас манай тамирчинд 2010 оноос хойш тасралтгүй нийт 13 медалийг эх орондоо авчираад байна. Өнгөрсөн жилийн Парисын Их Дуулгад тавдугаар байрт шалгарч байсан ОУХМ О.Цэцэнцэнгэл энэ удаагийн цувралд +100 кг жинд алтан медалийг хүртлээ.
Тус тэмцээнд нийт 52 орны шилдэг жүдочид хүч үзсэнээс манай улсын жүдочид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа гуравдугаар байранд орлоо.
Т.Түвшин