Д.Сүндийгийн гурван жилийн хорих ялыг зургаан сар болгож бууруулав

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гарчээ.

.

Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий эхнэрээ зодож хүнд гэмтэл учруулсан бөгөөд тухайн хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартаа хахууль өгсөн нь нотлогдсон. Улмаар тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүхийн шийдвэрийг эргэн сануулахад:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д. Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5. жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,
  • Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д. Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14,000,000 төгрөгөөр торгох ялаар,
  • Шүүгдэгч Г.Даваажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар,
  • Шүүгдэгч Т.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар,Мөн Эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байдаг.
  • Д.Гэрэлээ