“Эрдэнэс Монгол” ХХК албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулж байсан хүнд санхүүгээ атгуулжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд өмнө нь төрийн албанд ажиллаж байхдаа улсад хохирол учруулж, гэм буруутай нь тогтоогдон ял шийтгэгдэж байсан Н.Нарангэрэлийг томилсон байна.

Тэрээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.

Ашиг сонирхолын зөрчилтэй, хуулиар ял шийтгүүлж байсан Н.Нарангэрэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласаар байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.

Д.Гэрэлээ