Н.Ганболд: “Сод Монгол Групп” 14.7 тэрбум төгрөгийн зээлийг 20.8 тэрбум болгож хугацаанд нь төлж дуусгасан

Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа аж ахуй нэгжийн дотор  “Сод Монгол Групп”-ийн нэр дурьдагдаж буй.  Тус компани хэдэн онд хэдэн төгрөгийн зээл авсан  болон зээлээ төлсөн эсэх талаар тус группийн захирал Н.Ганболд тодрууллаа.

-Танай компанийг Хөгжлийн банкнаас их мөнгө аваад төлөөгүй гэх мэдээлэл байгаа үүнд ямар тайлбар өгөх вэ?

Манай компанийн хувьд 25 жил бизнесийн салбарт хариуцлагатай өрсөлдөж байгаа 2500 гаруй ажилтан ажиллагсадтай улсын төсөв бүрдүүлэгч аж ахуйн нэгжийн нэг. Сүүлийн үед манай зарим хэвлэлийн сайтууд, фэйсбүүкээр  манай группийн талаар маш буруу зөрүү мэдээлэл түгээж байна.

Анх 2015 онд Хөгжлийн банкинд төслөө танилцуулж 2017 оны 8-р сард зээлийн гэрээ байгуулж нийт 14,7 /арван дөрөв арваны долоон/ тэрбум төгрөгийн зээл авсан.

-Хөгжлийн банкны зээлийг шууд шууд л авсан юм шиг ойлголт яваад байна л даа. Гэтэл танай групп төсөлөө танилцуулаад хоёр жилийн дараа авчээ?

– Манай групп төслөө 2015 онд анх танилцуулаад 2017 онд зээлийн гэрээг байгуулж авсан. Зээлийн гэрээний буцаан төлөх хуваарийн дагуу 2018 оноос үндсэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлсөн. Ингэхдээ үндсэн зээл дээр 6,1 тэрбум төгрөг хүүд нь нэмж төлсөн байна.   Тодруулбал үндсэн зээл болох 14.7 тэрбум төгрөгийн зээл дээр хүү нэмж нийт 20,8 /хорь арваны найман/ тэрбум төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлэхгүй хугацаандаа багтаан төлж дуусгасан. Одоогоор зээл, хүүгийн үлдэгдэл тооцоогүй гэдгээ Албан ёсоор мэдэгдэж байна.   Иймд  цаашид манай компанийн бизнесийн нэр хүндэд халдахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.

Д.Гэрэлээ