Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ.
Уг захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай гэжээ.
Мөн цар тахлын үед бүх үйлчилгээг 00:00 цагт зогсоодог байсан бол уг захирамжийг хүчингүй болгосон байна. Түүнчлэн зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой болжээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг “Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр” болгох тогтоолыг анх 2009 онд баталж байжээ. Тухайн үеийн нийслэлийн Засаг даргын өргөн барьсан санал болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим заалтыг үндэслэн ийм шийдвэр гаргаж байв.
7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:
7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
7.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
7.1.5. орон сууцны орц, хонгил;
7.1.6. гудамж, талбай, цэцэрлэг;
7.1.7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
7.1.8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.
7.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт дараахь зүйлийг хориглоно:
7.2.1. согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах;
7.2.2. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.
7.3. Дараахь хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
7.3.1. тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;
7.3.2. 21 нас хүрээгүй хүн.
7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
7.5. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.
7.6. Согтууруулах ундааны шошгыг дуурайлган үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдахыг хориглоно.
7.7. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн болон шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад/-т ажиллуулахыг хориглоно.
7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.
8 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох
8.1. Сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно.
9 дүгээр зүйл. Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа
9.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.
9.2. Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:
9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;