Монголд эрх баригчид дураараа дургидагийн барин тавин жишээ бол Хөгжлийн банк. Хүрээний бузрыг яривал далай гэдэг шиг Хөгжлийн банкны луйвар хулгайг бүгдийг ил тод болгоно гэвэл далай цаашаа болж ч мэдэх байх. Бүр энэ уусан идсэнд нь хуулийнхан хутгалдчихсан гэж байна. Одоо тэгээд түүнийг бүрэн дүүрэн шалгаж бүгдийг ил гаргаж тавина гэвэл бараг л “амар сайхан жаргаж” магадгүй. МАН-ын өнөөгийн эрх баригчдын зориг зүрх хүрэх үү гэдэг нь эргэлзээтэй болж ч мэднэ.
МАН-ын ахмад дунд үеийнхний хэсэг нөхөд бий. Юм бүхэнд хошуу хуруу хоёроо зэрэг дүрж явдаг, жалга довны сонгуулиар дахин дахин сонгогдож дархлагдсан данагарууд. Одоо түрүүчээсээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн нөлөөллийн бүсэд нэр ус нь дурдагдаад явж байна. МАН-ын залуу үеийнхэн энэ мэт нөхдөөсөө салах нэг шалтгааныг Хөгжлийн банкны асуудлаар гаргаж ирсэн байж магадгүй. Ухаандаа, бөхөөр юм бол дагуулж тонгорох мэхээр. Зорилго нь ямар ч бай энэ асуудлыг сөхөж, нийгмийн хараа хяналтанд оруулж буй нь сайн хэрэг.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Хөгжлийн бакнаас идэж уусан булхайгаа улсын нууцын зэрэглэлд оруулж буй гайхалтай гэмээр шийдлийг юу гэж ойлгох вэ.
Монгол банк Хөгжлийн банкийг шалгах явцад 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа нь тогтоогдсон. Шалгалтын ерөнхий зураглал нь иймэрхүү. Бусад нарийн ширийн зүйлс, үүссэн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагууд шууд мэдээлж, шүүхэд өгч байгаа 26 зээлдэгчээ ил тод болгосон байдаг.
Харин саяхан Монгол банк Хөгжлийн банканд хийсэн шалгалтынхаа тайланг УИХ-ын гишүүдэд тараажээ. Ингэхдээ “НУУЦ” гэсэн тамга даржээ. Бурхан минь улс төрчдийн хамаарал бүхий нөхдүүдийн хууль замхруулж, хулгай хийж төрийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэсэн явдлыг улсын нууц хэмээн үзжээ. Энэ хаанахын ямар гээч жишиг вэ. Эрх мэдэлтнүүдийн хулгайг ингэж нууцын зэрэглэлд хамруулж, тэдний эрх ашгийг эх орныхоосоо дээгүүр тавьж байгаа Монгол банкийг хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохойтой зүйрлэмээр.
Энд нууцлаад байх зүйл ерөөсөө байхгүй. Улс төрчид өөрийн хүнээ Хөгжлийн банкны эрх мэдэл бүхий албан тушаалд томилуулдаг. Тэгээд тэр хүнээрээ дамжуулж ажлаа бүтээлгэж аяганы хариугаа авдаг ийм л жишиг бий. Энэ өрнөл дунд хүн үнэмшихэд бэрх гэмээр “эр хүний арван гурван мэх “ орж, олон олон маневр хийгддэг нь түрүүчээсээ ил тод болж байна. Ганц нэгээс нь дурдвал:
Шүүхэд өргөдөл гаргаад л зээлийнхээ барьцаа хөрөнгийг чөлөөлүүлчихдэг, бүр зээлийн хүү хэдэн арван тэрбум төгрөгөө хүртэл чөлөөлүүлчихсэн тухай ярьж л байна. Монголын шүүх ингэж хуулийнхаа эсрэг хуйвалддаг болжээ. Авсан зээлийнхээ хагасаар казина тоглочихсон, зээлээ зориулалтын дагуу ашиглалгүй үнэт эдлэлийн дэлгүүр нээсэнъ тухай ч яригдаж байна. Мөсөн уулын зөвхөн орой хэсэг л зах зухаасаа ил болж байгаа нь энэ юм шиг байна.
Гэтэл Монголбанк энэ бүх хулгайг “НУУЦ” хэмээн үзэж шалгалтын тайлангаа хууль тогтоогч нарт хүргүүлжээ. Асуудал улс төрчидтэй холбогдоод ирэхээр л ингэж амьхандаа тэднийгээ хамгаалж халхлах гэсэн санаа нь энэ байх.
Хөгжлийн банкны чанаргүй зээлд хутгалдаагүй улс төрчид ч бас цөөхөн бололтой юм. Болохгүй бүтэхгүй бүхнээрээ бие биедээ барьцаалагдчихсан эрх мэдэлтнүүд хүний өөрийгүй бүгдээрээ нүдэн балай чихэн дүлий лугаа дүлэгнэн суух шалтгаан энэ биз ээ. Санаагаар болдогсон бол сөрөг хүчнийхэн энэ асуудал дээр жнхэнэ утгаараа өрвөлзөж байх ёстой бус уу. Ийм бэлэн зэлэн өгөөш дээр өрвөлзөж чадахгүй сууна гэдэг бол өөрсдөө бас “НО”-тойгийн шинж. Хонголын улс төр ингэтлээ бохирдож, хир буртаг суусныг Хөгжлийн банк ийнхүү илчилж байна. Харамсалтай нь түүнийгээ төрийн нууц гэж үзжээ.
Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийнхэн энэ “НУУЦ”-ыг ил тод болгох асуудлыг сөхөж тавина гэдгээ хэлсэн. Харин хэзээ вэ. Иргэд энэ асуудалд нэхэл хатуутай байх болно шүү.
Ардилсан улс оронд төрийн үйл ажиллагаа ард түмэндээ ил тод байх ёстой биш билүү.
Д.Гэрэл