ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албанаас хавдрын эсрэг эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх, хавдартай эмчлүүлэгчдийн өвчнөө даван туулах, амьдралын чанарыг нь сайжруулахад туслах зорилгоор хөгжим эмчилгээний дэлхийн өдөрт зориулсан өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа.
Тус төвийн 60 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн оны 12 дугаар сард “Монос” эмийн үйлдвэрээс үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхимд цахилгаан төгөлдөр хуур хөгжим бүхий орчныг шинээр тохижуулан хүлээлгэж өгсөн бөгөөд цаашид эмнэлгийн орчинд эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин үүсгэх, хүн хоорондын харилцааг сайжруулах, стресс бухимдлыг бууруулах зорилгоор хөгжим эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өдөрлөгийн арга хэмжээнд МУГЖ, уртын дуучин Б.Мөнхбаатар, морин хуурын дөрвөлийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Филармони, Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийг төлөөлөн ДБЭТ-ийн дуурийн дуучин Х.Мягмарсүрэн, Монгол Улсын Консерварторийн захирал, урлагийн гавъяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү, хөгжмийн багш Да.Тунгалаг сурагч, шавь нарын хамт, ЦДБЧ-ын уран бүтээлчид, СУИС-ийн Хөгжмийн сургуулийн захирал Г.Ганцэцэг, Олонлог сургуулийн 11-р ангийн сурагч Гэрэлмаа, Хаан банк сангийн маркетинг, ОНХГ-ын менежер М.Мандахмягмар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, А.Түмэнбаяр, “Этүгэн” сургуулийн химийн багш, хөгжим эмчилгээ судлаач Т.Золзаяа, хавдрын даван туулагч, яруу найрагч Д.Оюунтуяа, хавдрын даван туулагч Б.Ганболд болон клиграф бичээч, хөрөг зураач, дэмжигч, хамтрагч нар оролцож уран бүтээлийн бэлэг барилаа.
Мөн өдөрлөгийн зохион байгуулалтад АШУИС-ийн НЭМС-ийн ЭМНА-ийн оюутнууд оролцож, “Монос” эмийн үйлдвэрийн хамт олон төвийн үйлчлүүлэгчдийг витаминт жүүсээр дайлан, өдөрлөгт оролцсон нийт уран бүтээлчид, зочид төлөөлөгчид болон төвийн нийт хэвтэн эмчлүүлэгчдэд хөгжим эмчилгээний тухай танилцуулга болон витамины цуглуулга бэлэглэлээ гэж ХСҮТ-өөс мэдээллээ.