Д.Кёкүшюзанбатбаяр нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хилээр гарахыг нь хориглосон шийдвэрийг хэвээр үлдээжээ

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна.

Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Тэд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан юм.

Д.Гэрэлээ