УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулж байна.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байгалийн баялаг нийт ард түмэн, төрийн өмч байхыг асуудлыг тусгасан. Газрын доорх болон дээрх баялаг ард түмний өмч байх ойлголтыг Үндсэн хуулинд заасан. Гэтэл өнөөдрийн хуулинд энэ асуудал хөндөгдөөгүй байна. Газрын дээрх баялагт орж байгаа Улаан номонд орсон ховор ан амьтдыг аялал жуулчлалын нэрээр олон жил агнаж, нууц тогтоол гаргаж, бүхэл бүтэн мафийн систем бий болгосон. Үүний зохицуулалтыг хуулийн төсөлд яагаад тусгаагүй вэ?
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: БОАЖ өнөөдрийн байдлаар 22 тусгай зөвшөөрөл олгож байгаа. энэ зөвшөөрлүүдийг 04 дүгээр сард багтаан бүгдийг цахимжуулж, ил тод болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар таван зөвшөөрлийг ил тод болгож, нийтэд зарлана.
Ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр бүх мэдээллийг ил тод болгохоор ажлын хэсэг ажиллаж байна.