Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар тус дүүргээс татагдсан цэргүүдтэй уулзаж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Арга хэмжээг дүүргийн цэргийн штаб хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү үйл ажиллагаагаар удаан хугацааны туршид гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадаагүй алба хаагчдыг аав ээж, ах дүүстэйгээ нүүрээ харж ярих боломжыг бүрдүүлсэн юм. Учир нь нийгэмд сайн муу мэдээлэл тогтмол түгэх болсон. Тэр дундаа цэргийн алба хаагчид хүнд дарамтанд байдаг гэх ташаа мэдээлэл ч бий. Тиймээс хүүгээ цэргийн албанд мордуулаад ардаас нь санаагаа чилээн байгаа эцэг эхчүүдийн сэтгэлийг дэвтээж хүүтэйгээ ярих боломжоор олгосон юм.
Алба хаагчдын дунд олон төрлийн тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулдаг байна. Тэр чинээгээр алба хаагчид хоорондоо өрсөлдөж, өөрсдийгөө хөгжүүлж цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлдэг гэлээ. Зөвхөн анги дотроо бус нийт зэвсэгт хүчний хэмжээний тэмцээнүүдэд Сонгинохайрханчууд амжилттай оролцож байгаа. Үүний нэг нь Зэвсэгт хүчний 013-р ангийн алба хаагч Б.Очирхуяг юм. Тэрээр Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн дунд зохион байгуулагддаг Гардан тулааны тэмцээний 75 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ. Түүний гаргасан амжилт гагцхүү өөрт нь төдийгүй мөр зэрэгцэн алба хааж байгаа нөхдөд нь томоохон урам өгсөн үйл явдал болжээ.
Эдгээр залуус одоогоос дөнгөж таван сарын өмнө цэрэгт татагдсан хэдий ч хэдийнээ эх орны эр цэргүүд болжээ. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатарын зочилсон зэвсэгт хүчний 013-р анги болон 311-р ангийн дарга, удирдлагууд алба хаагчдынхаа амжилтад сэтгэл хангалуун байгаа гэдгээ тодотгож байлаа. Мөн энэхүү арга хэмжээ цаг үеээ олсон чухал ач холбогдолтой ажил боллоо хэмээн талархал илэрхийллээ.
Цэргийн алба хаагчдын өдөр тутмын амьдрал уйдах завгүй өнгөрсөөр. Тавхан сарын өмнө энгийн ард байсан залуус өнөөдөр өөрийгөө хөгжүүлж, чадваржуулахын төлөө үе тэнгийнхээ залуустай мөр зэрэгцэн цэргийн алба хааж явна. Тэд эх орноо гэсэн сэтгэлийг энд ирээд олж авсан гэдэгээ итгэл дүүрэн хэлж байсан юм. Энэ л залуустай адил эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхэнд Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийг ойн мэндийг дэвшүүлье.