УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 33, 40 дүгээр захирамжид үндэслэн тус Байнгын хороо 2022 оны гуравдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд заажээ. Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цагавлар хамаарахгүй юм. Байнгын хорооны тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.