Цахим яамны “цахим хуудас” халдлагад өртжээ

Өнгөрсөн жил Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулж хоёр яам байгуулсны нэг нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Тэгвэл тус яамны цахим хуудас өнгөрсөн амралтын өдөр халдлагад өртжээ.

Тодруулбал төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И Монголиа” -гийн фэйсбүүк хуудаст гадны улс орноос халдаж нэр өөрчилсөн асуудал гарсан байна. Цар тахалтай хоёр жилийн хугацаанд уг “И Монголиа” системд Монгол улсын иргэний бүх мэдээлэл бүртгэгдсэн билээ.  Тус яамны мэдээлж байгаагаар “И Монголиа”  систем халдлагад өртөөгүй харин “И Монголиа” цахим хуудас халдлагад өртөж нэр солигдсон асуудал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн жил Хаан банк халдлагад өртөж 700 мянган хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан. Түүний дараа Монгол банк, Тагнуулын систем ч халдлагад өртсөн.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам халдлагад өртсөн нь Монгол улс Кибер халдлагаас хамгаалж чадаж байгаа юу гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Энэ халдлагын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам дараах мэдэгдлийг хийжээ.

МЭДЭГДЭЛ

“e-Mongolia” чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна.

“e-Mongolia” -ийн албан ёсны Фэйсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллаж яаралтай “Disable” буюу идэвхгүй болгосон.

Энэ хугацаанд “e-Mongolia” хуудасны админ эрх рүү халдсан этгээд лого, cover зураг солихоос өөр үйлдэл хийгээгүй бөгөөд МETA компанийн тусламжтай бусад үйлдлийг зогсоож, хуудсаа шуурхай буцааж авсан болно. Энэ халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна.

Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн Фeйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний бусад платформууд халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байна.

Фэйсбүүкийн албан ёсны хуудасны нэрийг 7 хоногт нэг удаа солих боломжтой байдаг бөгөөд энэ асуудлаар МETA компанийн Ази болон Европын багтай хамтран ажиллаж байна.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Д.Гэрэлээ